Монгол шуудан ХК нь илгээмж, шуудан хүргэлтийн үйлчилгээгээ илүү хурдан, шуурхай болгож хүн бүрт хүрч үйлчлэх зорилтынхоо хүрээнд хаягжилтын төгс шийдлийг нэвтрүүлэгч гэж нэрлэгдэж буй what3words компанитай 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд 3 үгт хаягжилтын системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.
     Ингэснээр иргэд, байгууллага хоорондоо захидал илгээмж, бухиа шуудан илгээхдээ 3 үгт хаягтайгаар илгээх боломжтой болж байгаа бөгөөд Монгол Шуудан ХК-н ажилчид 3 үгт хаягаар нь үйлчилгээгээ улам сайжруулан хүргэх бүрэн боломжтой болж байгаа юм. 
     What3words компанийн 3 үгт хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг 3м*3м хэмжээтэй 57 их наяд квадратуудад хувааж, квадрат тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр хаягласан нь ялангуяа хаягжилт хүндрэлтэй хотын захын дүүрэгт байгаа иргэдэд шуудангийн үйлчилгээг улам ойртуулахад томоохон түлхэц болж байгаа юм. 
     Үйлчлүүлэгчид үйлчилгээний чанар, хэлбэрт анхаарах болсон энэ цаг үед хаягжилтын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаагаа сайжруулан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн сард бид ХААН Банктай хамтран орон даяар картын хүргэлтийн үйлчилгээг санал болгож эхэлсэн нь бидний зорилт биелэлээ олж эхэлсний тод жишээ юм. Картын хүргэлтээр авах мэдээлэл дээрээ мөн 3үгт хаяг бичих боломжийг ХААН Банк харилцагчиддаа олгож эхэлсэн нь картын хүргэлтийг амжилттай хийхэд томоохон түлхэц болж байна. 
     Монгол Шуудан ХК технологийн дэвшлийг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээс гадна хаягжилтын асуудлаас хамааран үйлчилгээний хүртээмж бага байх асуудлыг бүрэн шийдвэрлэж улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байна.