“Монгол шуудан” ХК-ийн ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн хурлын танхимд боллоо.

 

Хуралд ТУЗ-ийн дарга Д.Нарангэрэл, Засаглал, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны дарга Д.Дэлгэрмаа, гишүүн С.Мөнгөнцэцэг, хараат бус гишүүн Б.Амарсанаа, Халиунбат болон “Монгол Шуудан” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар,  удирдлагуудын хамт хүрэлцэн ирж оролцлоо.

Тооллогын комиссын дарга нийт саналын эрхтэй хувьцааны 96.3 хувийг эзэмшигчид хуралд оролсон тул хурлыг хүчин төгөлдөрт тооцсон тухай ирцийн мэдээллийг өгснөөр хурлын дарга Ч.Чинзориг /Аудитын хорооны дарга бөгөөд хараат бус гишүүн/ хурлын дэгийг баталж, хурлыг эхлүүллээ.     

“Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, зорилтот түвшингийн биелэлт, мөн өнөөгийн шуудангийн хөгжлийн чиг хандлага, сүүлийн үед хийгдэж буй ажлуудын талаар танилцуулга хийлээ.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  1. Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах тухай;
  2. Компанийн 2017 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Аудитын хорооны дүгнэлтийг танилцуулах тухай;
  3. Компанийн 2016 оны ногдол ашиг тараасан тухай тайлан танилцуулах;
  4. Компанийн 2017 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах;
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны зардлын төсөв батлах тухай;
  6. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
  7. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;

Мөн компани 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тухай хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, ногдол ашгийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ҮЦТХТ-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэх болсоноо зарлаж “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит” хурал амжилттай болж өндөрлөлөө.