Маркийн тайлбар: Монгол маркийн түүхэнд Хүүхэд, эх үрсийн сэдэвтэй шуудангийн марк олон удаа гарч байсан бөгөөд 1976-06-01-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Хүүхдийн уран зураг” үзэсгэлэнд тавигдсан хүүхдүүдийн зургуудаас анхлан марканд дүрслэгдсэн бол 1988-11-30-нд “Хүүхдийн төлөө фонд”-ын 15 жилийн ойд зориулсан Олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдээс нэг блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргаж байсан түүхтэй.

“Монгол Шуудан” ХК-иас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан 2014, 2016 онуудад зохиогдсон “Хүүхдийн ертөнц” хүүхдийн уран зургийн улсын уралдаанд амжилттай оролцсон бүтээлүүдээс “Монгол бахархал, үндэсний уламжлал” сэдвийн хүрээнд сурагч Ц.Болорцэцэг, Э.Ерөөлт нарын зургуудийг маркандаа дүрслэн орууллаа.  

Маркийг бүтээхэд мэргэжлийн зөвлөгөө өгч, эх зураг, материалаар хангаж, хамтран ажилласан Монголын Зураачдийн Эвлэлийн тэргүүн, МУСГЗ, зураач П.Цэгмид ахдаа талархсанаа илэрхийлье.

Хүүхдийн ертөнц уралдаан нь анх 1962 оноос 1990 оныг хүртэл Ардын боловсролын яам, МХЗЭ-ийн төв хороо, Хүүхдийн төлөө фонд, Монголын пионерийн байгууллагын төв зөвлөл, МУЭХорооны УСФ зэрэг байгууллагууд жил бүр хамтран зохион байгуулдаг сайхан уламжлалтай байсан. Энэхүү уралдаан монголын үе үеийн зураач уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийнх нь гараа болж байсан юм. Олон жил зогсонги байдалд байсан “Хүүхдийн ертөнц” уралдааныг дахин сэргээж МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БСШУЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Болор сан-Халамжит гэр бүл төв, Монголын зураачдийн эвлэл болон бусад байгууллага хамтран зохион байгуулж байна.

Зурсан зураг бүхэн нь нартай байдаг, зурсан хүүхэд бүхэн нь инээж байдаг, зураг бүхэндээ хайртай бүхнээ бахдан дүрслэдэг, зурсан зургандаа сэтгэл зүрх нь хөөрөн хөгжиж байдаг багачууд хүүхдүүдийн маань бийр нь хурц билэг оюун нь тунгалаг байхыг хүсэн ерөөе!

"ХҮҮХДИЙН УРАН ЗУРАГ” сэдэвт маркийн зургийг зурсан Э.Ерөөлт, Ц.Болорцэцэг нар марк сонирхогчдод гарын үсгээ дурсгав.