Дэлхийн ноён оргил Эверестэд 2018.05.16-ны 11:30 минутад Монгол хүний мөр дахин гарч, Монгол Улсын төрийн далбаа 7 дахь удаагаа дахин намирлаа. Монгол уулчны тэсвэр хатуужил, хүч чадал, мэргэжлийн ур чадварыг батлан харуулж 8848 метр дэлхийн дээврийг эзэлсэн уулын спортын ОУХМ Ж.Бямбасүрэн танд баяр хүргэж, чин сэтгэлээсээ бахархаж байгаагаа илэрхийлье.

Монгол Шуудан компанийн улс хоорондын буухиа шуудангийн ЕМS үйлчилгээгээр илгээсэн илгээмжүүд хамгийн өндөрт, хамгийн богино хугацаанд хүрч, Монгол уулчин Монгол шуудангаараа Монгол эх орноосоо авиралтад хамгийн хэрэгцээт зүйлсээ илгээмжээр Эверестийн отогтоо хүлээн авч Монгол шуудан ХК -ны тугийг мандуулсан нь бидний бас нэгэн баяр байлаа.