Маркийн тайлбар: Монгол марканд эрүүл мэндийн сэдвээр 1960 онд “Монголын улаан загалмайн нийгэмлэгийн их хурал”, 1963 онд “Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн 100 жил”, 1966 онд “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”, 1968 онд “Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага 20 жилд” бичвэртэй, 1969 онд “Монголын улаан загалмайн нийгэмлэгийн 30 жил”, 2008 онд “ДОХ-ын эсрэг тэмцэцгээе” сэдэвт маркуудыг гаргасан бол 2018 онд “Хавдрын эсрэг хамтдаа” сэдэвт 2 нэрийн өглөгийн буюу нэмэгдэл үнэтэй маркийг гүйлгээнд гаргаж байна.

Нэгдүгээр нэрийн марканд монгол гэрийн тулганы дүрсээр хавдрын эмчилгээний гурван гол тулгуур болох мэс засал, туяа, хими эмчилгээг төлөөлүүлэн илэрхийлсэн. Энэ гурван салбарын хөгжил дэвшил, ололт нь монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж буй хорт хавдрыг ялж айл гэрээрээ эрүүл саруул, элэг бүтэн амьдрахыг билэгдсэн. Хоёрдугаар нэрийн марканд дэлхий нийтээр хорт хавдартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхийг уриалсан анхны билэгдэл болох ягаан туузыг оруулсны зэрэгцээ хүмүүст эрүүл мэндээ эрхэмлэн дээдэлж, урт удаан, аз жаргалтай, хайраар дүүрэн амьдрахыг зүрхээр дүрслэн билэгдсэн.

Монгол улсад 1961 онд 45 ор бүхий “Улсын цацраг туяа” эмнэлэг анх байгуулагдаж, 1981 он гэхэд мэс засал, туяа, хими эмчилгээ зэрэг хорт хавдрын үндсэн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлэх болжээ. 1982 онд тэр үеийн ЗХУ-ын тусламжаар шинэ цогцолбор баригдан ашиглалтад оруулж Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) болон өргөжсөнөөр энэхүү салбарын хөгжил цоо шинэ шатанд гарсан. Өнөөдөр ч энэ салбарын хамт олон орчин цагийн анагаах ухааны эрчтэй хөгжилтэй мөр зэрэгцэн урагшилсаар байна.

 Маркийг бүтээхэд Ж.Чинбүрэн захиралтай Хавдар Судлалын Үндэсний Төвийн хамт олон мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, материалын туслалцаа үзүүлж, хамтран ажиллаа.