“Монгол Угсаатан” сэдэвт маркийн тайлбар:

Маркийн тайлбар: Монгол маркийн түүхэнд монгол үндэсний зан заншил, ардын урлаг, эд хэрэглэл, үндэсний хувцас зэргийг олонтаа дүрсэлсэн байдаг бөгөөд тэр дундаа монгол үндэсний хувцас сэдвээр 4 удаа гарсан байна. Харин өнөөдөр дэлхийд тархсан монголчуудаас Халх, Үзэмчин, Буриад, Халимаг угсаатныг дүрслэсэн 4 нэрийн маркаа гаргаж байна.

Аливаа угсаатан олон зуун жилийн турш нийгмийн түүхийн хөгжлийн явцад бүрэлдэн бий болдог бөгөөд гарал угсаа, хэл соёл, зан заншил, угсаатны өөрийн ухамсар зэрэг олон шинжээр тодорхойлогддог.

Монголчуудын соёлын чухал хэсэг нь үндэсний өвөрмөц хувцас, гоёл болж ерөнхий хийгээд угсаатны бүлгүүдийн соёлын өвөрмөц дүр төрхөд тод тусдаг байна. 

Монгол үндэсний хувцас нь орчин болоод байгаль, цаг уурын нөхцөл, хүн зоны эрхэлдэг аж ахуй, түүх, нийгмийн байдал, ёс заншлын онцлогийг тусгасан байдаг.

Халх - дээл, хантааз, шовгор оройт, улаан залаат малгай, ээтэн хоншоортой, шагай зулаг түрийдээ угалзтай монгол гутал, хэт хутга, даалин, магнаг торгон ууж, нөмрөг, эхнэр дээл, улаан шүрээр хэлхсэн зангидмал жинс бүхий малгай, толгойн боолт, эвэр үсний алтан хавчаар гоёл,

Буриад - тэрлэг дээл, улаан залаатай, шовгор буриад малгай, сөөхий маягийн гутал, хэт хутга, хөөрөгний даалин, буриад эмэгтэйн бүсэлхийгээрээ залгааст цээживч, гэрлэсэн эмэгтэйн толгойн гоёл,

Үзэмчин - догол энгэртэй чих шүргэм өндөр захтай (зарим үед нугалж өмсдөг) жайч хэмээх оноотой дээл,  малгай, бүс, булигаар гутал, хэт хутга, даалин, залаат малгай, ёслолын урт ууж, сүйх, шивэргэл, бэл,

Халимаг - өнгөлөг бишмет (лавшиг) дээл, орос маягийн хилэн өмд, савхин гутал, дөрвөн талт улаан оройтой цэмбэн малгай, эгц задгай энгэртэй хутцан хэмээх өмсгөл, цэгэдэг, улаан залаат халмаг малгай зэргийг дүрсэлсэн.

Уг маркийг бүтээхэд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн профессор А.Пунсаг, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш С.Бямбадорж, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш Ц.Цэцэгжаргал тэргүүтэй эрдэмтэн багш нар мэргэжлийн зөвлөгөө заавар өгч хамтарч ажиллав.