Тус компани нь Улаанбаатар хот, бүх аймаг, суманд байх салбар нэгжээрээ дамжуулан шуудангийн үйлчилгээний технологийн чанартай, найдвартай, шуурхай байдлыг ханган, орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан, гадаад болон дотоод шуудангийн үйлчилгээг  улс орон даяар үзүүлж байна.
     Компанийн шинэ удирдлагын баг нь 2016 онд шинээр томилогдож компанийн урт болон дунд хугацааны хөгжлийн стратегийг а/ Үндсэн үйлчилгээ, б/ логистик, и-худалдааны үйлчилгээ, в/ санхүүгийн үйлчилгээ гэсэн 3 чиглэлээр тодорхойлжээ.
                                Төсөв, санхүү
     Тус компанийн нийт активийн хэмжээ 2016 онд 28,059.0 сая төгрөгт хүрч урьд оныхоос 83.4 хувиар өссөн байна.
     Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй жил байсан ч шуудангийн үндсэн үйлчилгээг иргэн бүрт хүргэх үүргээ биелүүлж өндөр ашигтай ажиллалаа. 2015 онд компани 94.0 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2016 онд 1,006.0 сая төгрөгийн ашигтай ажиллаж, цэвэр ашиг урьд онтой харьцуулахад 10.7 дахин өссөн. Цэвэр ашиг огцом өсөхөд хүүгийн орлого, гадаад валютын ханшийн зөрүүний болон шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн зэрэг нь голлон нөлөөлсөн байна.
Ногдол ашиг
     Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолын дагуу “Монгол шуудан” ТӨХК-ийн нийт хувьцааны 34 хувь буюу 33,859,363 ширхэг хувьцааг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж 6,263,982,155 төгрөгийг 256 хувьцаа эзэмшигчээс татан төвлөрүүлсэн байна.
     Хувьцааны хоёрдогч зах зээл дээрх арилжаа 2016 оны 01-ний өдөр 212.12 төгрөгийн ханшаар эхэлж, 2016 оны 12 дугаар сарын  31-ний өдрийн байдлаар тус компанийн хувьцаа 339.86 төгрөгт хүрч,  хувьцааны ханш анхны нэрлэсэн ханшаас 83.7%-иар өсөөд байна. Компанийн Хөрөнгийн бирж дээрх үнэлгээ оны эхэнд  18.4 тэрбум байсан бол оны эцэст 33.8 тэрбум төгрөгт хүрээд байна. 2016 онд ашигтай ажилласан тул Төлөөлөн удирдах зөвлөлөөс компани 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн хурлаар нэгж хувьцаанд 3.03 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан.
 
Хүний нөөцийн бодлого, нийгмийн хариуцлага
     Монгол Шуудан ХК нийт 900 гаруй ажиллагсадтайгаар нийгмийн хариуцлагаа ухамсарлан, шуудангийн 30 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл, үйчилгээг эрхлэн явуулж байна. Бид хүний нөөцийн бодлогын хүрээнд:
  • Хүний нөөцийн үйл ажиллагааг хууль эрх зүйн дагуу удирдан зохион байгуулах,
  • Байгууллагын хүний нөөцийг стратеги зорилго, төлөвлөгөөнд нийцүүлэн чадваржуулах,
  • Компанийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих,
  • Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх,
  • Компаний дотоод дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах,
  • Ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангах, ажилтнуудын нийгмийн халамжид түлхүү анхаарах, ажилтны бодит хэрэгцээг хангах бодлого хэрэгжүүлэх,
  • Ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтаа шударга, ил тодоор явуулах зорилтуудыг тавьж ажиллаж байна.
     Монгол Шуудан ХК нь шинээр тодорхойлсон стратеги зорилтод хүрэхийн тулд 2017 онд 1. Технологийн, 2. Бүтээгдэхүүн үйлчилгээний, 3. Удирдлага зохион байгуулалт, сүлжээ ашиглалтын, 4. Үйлчилгээний соёлын шинэчлэлийг тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна.