ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
Энэхүү дүрмийн зорилт нь Монгол улсын шуудангийн сүлжээний ашиглалт, зохион байгуулалтыг тодорхойлох, шуудангийн суурь сүлжээг ашиглан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан өмчийн төрөл бүрийн хэлбэрийн байгууллага, хүмүүс болон үйлчлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
 
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
 
Нэгдүгээр бүлэг. Шуудан холбооны үйлчилгээ
1.1.1.     Монгол Улсын шуудан холбооны сүлжээг ашиглан, төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн ба төрийн бус олон нийтийн байгууллагаас шуудангаар явуулах зүйлүүдийг хүлээн авч, хаягт эзэнд нь гардуулж, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг шуудан холбооны үйлчилгээ гэнэ.
1.1.2.     Шуудангаар явуулах зүйлсийг дотоодын ба улс хоорондын гэж хоёр хуваана. Үүнд:
•           Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотор хүлээн авч, дамжуулан олгож байгаа шуудангийн зүйлс (илгээмж)-ийг дотоодын шуудан
•           Монгол Улсаас гадаад орнуудад илгээж байгаа буюу хилийн чанадаас Монгол Улсад ирж, хаягт эзэндээ хүргэгдэж байгаа, түүнчлэн Монгол Улсын шуудангийн байгууллагаар дамжин гадаадын бусад орнуудад хүргэгдэж байгаа шуудангийн зүйлсийг улс хоорондын шуудан гэж тус тус нэрлэнэ.
1.1.3.     Дотоодын шууданг дотор нь аймаг, хотын доторх ба хот хоорондын гэж хоёр ангилна. Үүнд:
·            Нэг аймаг, хотын нутаг дэвсгэрт хүлээн авч, дамжуулан хүргэгдэж байгаа шуудангийн зүйлсийг аймаг, хотын доторх шуудан гэнэ.
·            Нэг аймаг, хотын нутаг дэвсгэрээс гарч, нөгөө аймаг хотын шуудангийн холбооны байгууллагаар дамжин хаягт эзэндээ хүргэгдэж байгаа шуудангийн зүйлсийг хот хоорондын шуудан гэнэ.
1.1.4.     Шуудан холбооны үйлчилгээг үндсэн ба нэмэгдэл үйлчилгээ гэж хоёр ангилна. Үндсэн үйлчилгээнд энэхүү дүрмээр зохицуулагдах шуудангийн илгээмжийг хүлээн авах, дамжуулах, гардуулах ажиллагаа орно. Үүнээс гадна шуудангийн марк, үнэт цаасны эх зураг зохион хэвлүүлэх, улмаар гадаад, ч дотоодын зах зээл дээр борлуулах, шуудангийн хэрэглэгчийн хайрцаг ажиллуулах, электрон шуудангаар үйлчлэх зэрэг нь үндсэн үйлчилгээний хэсэг мөн.
1.1.5.     Шуудан холбооны байгууллага нь дээр дурьдсан шуудангийн илгээмжийг хүлээн авч, ялган боловсруулах, гардуулах үндсэн үйлчилгээнээс гадна дараах нэмэгдэл үйлчилгээнүүдийг эрхэлнэ. Үүнд:
а) Шуудангаар явуулах зүйлүүдэд хаяг бичиж өгөх, шуудангийн мэдэгдэл, бланк маягтуудыг нөхөх, илгээлт, боодлыг боож, савлах (хайрцаглах), шуудангийн илгээмжүүдийг хаягт эзэнд нь гэрээр болон албан газраар нь хүргэж гардуулах, илгээлтийн хайрцаг,уут, боодлын цаас бэлдэж худалдаалах
б) Шуудангийн маршрут, чиглэлийн дагуу автомашины даацад тохируулан, аймаг сумын хооронд зорчигч тээвэрлэх
в) Цахилгаан холбооны үйлчилгээ эрхэлдэг байгууллагатай хийсэн гэрээний дагуу явуулах цахилгаан холбооны зарим үйлчилгээ (телефон яриа, телефакс, цахилгаан мэдээ гэх мэт)
г) Илгээмжийн худалдаа (Шуудангийн байгууллага зуучлан үйлчлүүлэгчийн захиалгаар өргөн хэрэглээний барааг хаягт эзэнд хүргэж гардуулах үйлчилгээ)
д) Иргэдийн мөнгөн хадгаламж, гуйвуулга хийх, тэтгэвэр тэтгэмж тараах, зарим төрлийн татвар, хураамж хураах
е) Төрөл бүрийн акц, хонжворт сугалаа зэргийг борлуулах
ё) Зарим төрлийн мэдээллийн лавлагааг албан байгууллага, иргэдэд хүргэх
ж) Төрөл бүрийн ном товхимол, календарь, тэмдэглэлийн дэвтэр зэргийг борлуулах
з) Тогтмол.хэвлэлийн захиалга хүлээн авах, хүргэж гардуулах
1.1.6.     Монгол улсын нутаг дэвсгэр дотор явуулах шуудангийн илгээмжүүдийг дараах төрлүүдэд хуваана. Үүнд:
а) Битүүмжилсэн бичиг, захидал (энгийн, баталгаатай, үнэлэгдсэн)
б) Ил захидал (энгийн, баталгаатай)
в) Боодол (энгийн, баталгаатай, үнэлэгдсэн)
г) Илгээлт(энгийн ба үнэлэгдсэн)
д) Тогтмол хэвлэл
1.1.7.     Шуудангийн илгээмжийг хүлээн авч, боловсруулах, дамжуулах, олгох зэрэг ажиллагаанаас нь хамааруулан хэд хэдэн зэрэгт хуваана
1.1.8.     Энгийн захидал, ил захидал, боодлыг шуудангийн байгууллага явуулагчаас хүлээн авахдаа тасалбар олгохгүйгээр тарифын марк наах бөгөөд шуудангийн дотуур дагаварт зөвхөн тоо ширхгээр нь бичиж, хаягт эзэнд гарын үсэг зуруулахгүй олгоно.
1.1.9.     Баталгаатай битүүмжилсэн бичиг захидал ба ил захидал, боодол, илгээлт.ийг шуудангийн байгууллага хүлээн авахдаа төлбөрийг тогтоосон тарифаар хураан авч, мөнгө хураах тасалбарын маягтад бичилт хийж, нэг хувийг явуулагчид өгнө. Шуудангийн байгууллагуудын хооронд баталгаатай шуудангийн илгээмжүүдийг дамжуулахдаа дотуур дагаварт тэдгээрийн баталгааны дугаарыг нэг бүрчлэн бичиж, хаягт эзэнд нь гардуулахдаа заавал гарын үсэг зуруулна. Албан бичиг, илгээлт нь байнга баталгаатай шуудангийн илгээмжид тооцогдоно.
1.1.10.     Явуулагчаас үнэ зарлаж явуулсан захидал, боодол, илгээлтийг даатгалтай илгээмжид тооцох бөгөөд тэдгээрийг баталгаатай шуудангийн нэгэн адилаар үйлчилнэ.
1.1.11.     Үнэ зарласан ба даатгалтай шуудангийн илгээмжийг хаягт эзнээс нь шуудангийн үйлчилгээний хураамжийг төлүүлэхээр хүлээн авч болно. Энэ тохиолдолд шуудангийн байгууллага нь ирсэн илгээмжүүдийг хаягт эзэнд нь гардуулахдаа заасан үнийг (хураамжийг) хураан авах бөгөөд уг үйлчилгээг явуулах журмыг шуудангийн байгууллага гарган баталж мөрдөнө.
1.1.12.     Явуулагчаас шууданд хүлээн авахдаа тасалбар олгож байгаа баталгаатай ба үнэ зарласан шуудангийн илгээмжүүдийг (бичиг, захидал, ил захидал, боодол, илгээлт) бүртгэгдсэн илгээмжүүд гэнэ.
1.1.13.     Шуудангийн бүх төрлийн бүртгэгдсэн илгээмжүүдийг хэрэв явуулагчаас хүсвэл хаягт эзэнд нь гардуулсан тухай хариу мэдээлэл (гардуулалтын карт) авч өгч болно. Энэ тохиолдолд шуудангийн байгууллага нь уг илгээмжийг хэзээ хэнд гардуулснаа мэдэгдэх үүргийг явуулагчийн өмнө хүлээнэ.
1.1.14.     Шуудангийн илгээмжийг ялган боловсруулах, гардуулах хугацаанаас нь хамааруулан энгийн, хурдавчилсан, буухиа шуудан гэж ангилна.
•           Хурдавчилсан шуудан гэж энгийн шуудантай хамт бэлтгэн савлах боловч тусгай таних тэмдгээр тэргүүн ээлжид ялгаж, шуурхай дамжуулах шуудангийн илгээмжийг хэлнэ.
•           Буухиа шуудан гэж тусгай таних тэмдэг бүхий богцонд савлаж, хаягт эзэнд нь хамгийн богино замаар хурдан, найдвартай хүргэж гардуулдаг шуудангийн илгээмжийг нэрлэнэ.
1.1.15.     Нийтийн хэрэглээний электрон шуудангийн сүлжээг (албыг) ашиглаж, хэвлэмэл болон бичмэл материал, схем, зураг, хүснэгт, диаграмм, түүнтэй адилтгах бичиг сэлтүүдийг цахилгаан холбооны сувгаар дамжуулж болно. Үүнийг бюрофакс гэнэ.
1.1.16.     Шууданг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслэлээс хамааруулан дараах байдлаар ангилна.
а) Агаараар (нисэх онгоцоор) тээвэрлэж байгаа шуудангийн илгээмжийг агаарын шуудан гэнэ.
б) Төмөр зам болон авто тээврийн хэрэгслэлээр, хүргэж байгаа шууданг газар шуудан гэж нэрлэнэ.
в) Агаарын болон төмөр замын ба авто тээврийн хэрэгслэлээр хүргэж байгаа шууданг агаар газар хосолсон шуудан гэж нэрлэнэ. .
1.1.17.     Шуудангийн онцлогийг харгалзан тусгай, албаны гэсэн ангилалд хуваана.
Монгол улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах, төрийн байгууллагын онцгой хэрэгцээнд зориулагдсан шуудангийн зүйл нь тусгай шууданд хамаарна. Тусгай шууданг явуулагч нь сайтар битүүмжилсэн байна.
Албаны шууданд шуудан холбооны байгууллагуудын хооронд харилцаж байгаа шуудангийн зүйлүүд хамаарна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.