Монгол Шуудан ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Гэрэлтийн Тэлмэнг компанийн Гүйцэтгэх захирлаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс томиллоо.
Г.Тэлмэн нь 2016-2020 онд Монгол Шуудан ХК-ийн Дэд захирал, 2020-2024 оны хооронд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, шуудангийн салбарын болон бизнесийн салбарт арвин туршлагатай, компанийн түүхэнд анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдож буй Гүйцэтгэх захирал болж байна.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр анх удаа нээлттэй зарлаж, нийт 7 нэр дэвшигчээс Гэрэлтийн Тэлмэнг Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнэлгээ авч, боловсрол, ур чадвар, ажлын туршлага нь сонгон шалгаруулалтын шаардлага бүрэн хангасан гэж үзжээ.
Монгол Шуудан ХК нь Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекст тасралтгүй багтаж ирсэн 3,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, улс хоорондын болон дотоодын шуудангийн үйлчилгээ, логистик хүргэлт, улс хоорондын мөнгө гуйвуулгын үйл ажиллагааг Монгол улсын 21 аймаг 330 сумдад байх салбар нэгжүүдээрээ дамжуулан гүйцэтгэдэг үндэсний томоохон аж ахуй нэгж юм.
Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллах болсон танд амжилт хүсье.