ЭЛХИЙН ШУУДАНГИЙН ХОЛБООНЫ АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН СТРАТЕГИЙН ФОРУМЫГ МОНГОЛ ШУУДАН КОМПАНИ АНХ УДАА МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024 оны 09 сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан форумд бүс нутгийн нийт 32 орны үндэсний шуудан, зохицуулагч болон төр засгийн нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож 2026-2029 онд Дэлхийн шуудангийн салбарын стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ. Ази-Номхон Далайн бүс нутаг нь Дэлхийн шуудангийн нийт солилцооны 60 гаруй хувийг эзэлдэг БНХАУ, БНЭУ, БНСУ, Япон болон Австралийн үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид багтдаг томоохон бүс нутаг юм.
Форумын хүрээнд Монгол Шуудан ХК хоёр талын болон олон талт уулзалт, хэлцээрийг хийж дараах үр дүнд хүрлээ:
- БНХАУ-ын төрийн шуудангийн байгууллага (China Post)-тай хил дамнасан цахим худалдааны түргэвчилсэн хүргэлтийн гэрээнд (E-Packet Agreement) гарын үсэг зурлаа. 2024 оны 11-р сарын 01-ний өдрөөс хэрэглэгчдэд нээлттэй болох уг ажлын хүрээнд БНХАУ-ын цахим худалдааны томоохон сайтуудаас худалдан авалт хийгдэж буй Монгол талын хэрэглэгчдийн хүргэлт агаараар болон газраар хамгийн богино хугацаанд боломжит үнээр гүйцэтгэгдэх нөхцөл бүрдэж буй юм.
- БНЭУ-ын Төрийн шуудангийн байгууллагатай хамтран Энэтхэг улсын Үндэсний шуудангийн коллежид Монгол Шуудан ХК-ийн ажилтнуудыг үе шаттайгаар 100%-ийн тэтгэлгээр богино болон дунд хугацаанын сургалтанд хамруулахаар тохиролцов.
- БНХАУ-ын төрийн шуудангийн байгууллага болон ДШХ-ны түвшинд БНХАУ-МОНГОЛ улсын хилээр нэвтэрч буй шуудангийн хяналт шалгалт, илрүүлэлтийг сайжруулах чиглэлээр шинэ тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй санхүүжилтээр хангах бололцооны талаар хэлэлцэв.
- Японы Сан (Japan Fund)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Санхүүгийн Үйлчилгээний Хүртээмжийг Нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 2024 онд Монгол улсын нийт 150 сумын шууданчдыг орчин үеийн ПОС төхөөрөмжөөр хангаж гуравдагч байгууллагын санхүүгийн үйлчилгээг сумын түвшинд хүргэх боломж бүрдэх бол цаашид үлдсэн сумдыг хамруулах боломжийн талаар санал солилцлоо.
- Форумын хүрээнд зохион байгуулагдсан 3 панель хэлэлцүүлгийн нэгэнд Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн панелистаар уригдан оролцож цаашид тогтвортой шуудангийн сүлжээг бий болгоход хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тухайлсан орнуудын хүрээнд зорилтот хамтын ажиллагааны хүрээг бий болгох тодорхой саналыг гаргасан нь форумаас цаашид Стратегийн төлөвлөгөөнд тусгуулахаар болов.
- Ази-Номхон Далайн Шуудангийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Сингхтэй хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ази-Номхойн Далайн Шуудангийн коллежид Монгол шуудангийн ажилтнуудыг цаашид мэргэшүүлэх тоон хамрагдалтыг нэмэгдүүлэхээр тохирсон бол 2025 онд зохион байгуулагдах Ази-Номхон Далайн Гүйцэтгэх Зөвлөлийн Дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар хоёр тал урьдчилан тохиролцов.
- ДШХ-ны байгууллагын шуудангийн чанарын болон үйл ажиллагааны стандартад Монгол Шуудан ХК-г хамруулахаар болов. Ингэснээр Монгол Шуудангийн үйл ажиллагаа дараагийн шатанд гарах юм.
Монгол Шуудан ХК