ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛ ДЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийтэлсэн огноо: 2024/08/20

МОНГОЛ ШУУДАН ХК БОЛОН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ШУУДАНГИЙН ГААЛИАР НЭВТЭРЧ БУЙ ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛ ДЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Дэлхийн Гаалийн байгууллагаас (ДГБ) Шуудангийн сувгийн синтетик гаралтай мансууруулах бодис илрүүлэх төслийн (Synthetic Drugs Detection Project on Mail Channel) суурь үнэлгээний ажлыг АНУ-ын төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж буй билээ. Уг төслийн хүрээнд Монгол Улсад ажиллаж буй ДГБ-ын Мансууруулах болон угтвар бодисын хөтөлбөрийн техникийн атташе Астрид Хайтер, ДГБ-ын итгэмжлэгдсэн эксперт Э.Энхтуул нар 2024 оны 8 сарын 06-07-ны өдрүүдэд Монгол Шуудан ХК, Улс хоорондын Шуудан Илгээмжийн Гаалийн Газар (УХШИГГ) дээр ирж ажиллалаа.
Монгол Шуудан ХК, Монгол улсын Гаалийн Ерөнхий Газар, Улс хоорондын Шуудан Илгээмжийн Гаалийн газар, ДГБ-ын албан хаагчид хамтдаа сууж дэлхийн гааль, Монголын шуудан, Шуудангийн гаалийн байгууллагын танилцуулгыг сонсож
– Шуудангийн сүлжээгээр орж ирж буй мансууруулах бодисын урсгалыг таслан зогсоох,
– Шуудангийн бус замаар орж ирж буй интернет худалдааны барааг хэрхэн хяналтанд хамруулах,
– Гаалийн хяналт шалгалтын өнөөгийн процедур, хяналтын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага, хүчин чадлын талаар нээлттэй ярилцлаа.
 
Мөн энэ үеэр Монгол Шуудан ХК-ийн шинээр байгуулсан Улс хоорондын шуудангийн ялган боловсруулах төвд зочилж үйл ажиллагаатай танилцан санал сэтгэгдлээ солилцов.
ДГБ-ын төлөөлөгчид Монгол Шуудан ХК болон Гаалийн байгууллага төсөлд хамрагдсаны дагуу идэвхитэй хамтран ажиллаж байгааг үнэлээд цаашид улам бүр дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.