Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон “Монгол шуудан” ХК хил дамнасан хууль бус бараа эргэлттэй тэмцэх, шуудан илгээмжийн аюулгүй байдлыг сайжруулахад хамтран ажиллана.
Улсын хилээр бараа материалыг хууль бусаар нэвтрүүлэх, татвараас зайлсхийх, гэмт хэрэгтэй тэмцэх, шуудангийн сүлжээг ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис улсын хилээр нэвтрүүлэх үйлдлээс сэргийлэх урьдчилан мэдээлэл солилцох зорилгоор Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монгол шуудан хувьцаат компанитай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2024.10.15/ байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Монгол Улсын Шуудангийн томилогдсон оператор “Монгол шуудан” Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн нар санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү Санамж бичиг талуудын хооронд байгуулагдсанаар хил дамнасан хууль бус бараа эргэлттэй тэмцэх, олон улсын шуудан илгээмжийн сувгийн аюулгүй байдлыг хангах, шуудан илгээмжийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг илүү уялдаа холбоотой болгох, хамтын ажиллагааг сайжруулах олон талын ач холбогдолтой юм.