Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал ноён Масахико Метокигийн Монгол улсад хийсэн айлчлал
Нийтэлсэн огноо: 2024/10/03

ДШХ-ны Ерөнхий захирал ноён Масахико Метоки тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 9 сарын 24-27-ны өдрүүдэд Монгол улсад анх удаа зочиллоо. Хүндэт зочдыг Монгол Шуудан ХК гүйцэтгэх захирал Г.Тэлмэн хүндэтгэл үзүүлэн тосож авсан бөгөөд Хөшигийн хөндийд шинээр баригдсан Олон улсын шуудангийн ялган боловсруулах төвийн үйл ажиллагаатай танилцуулан айлчлалыг эхлүүлсэн.
  •  Ноён Метоки Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан ДШХ-ны Ази-Номхон Далайн бүс нутгийн стратегийн форумыг нээж, оролцохоор ирсэн бөгөөд хуралдааны зохион байгуулалт, үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа хуралдааны явцад илэрхийлсэн юм.

  • Хоёр өдрийн турш үргэлжилсэн Бүс нутгийн стратегийн форумын дараагаар ноён Метоки Монгол Шуудан ХК-иар зочилж, шуудангийн үйл ажиллагаа, маркийн музей үзэж сонирхон, ДШХ-той хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцан цаашид Үндэсний шуудангийн бодлогыг боловсруулах тал дээр зөвлөмж дэмжлэг, техникийн туслалцаа авах дээр тохиролцлоо.
  • Монгол улсад хийж буй айлчлалын хүрээнд ноён Масахико Метокийг МУ-ын Их хурлын дарга Д.Амарбаясгалан, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны сайд, УИХ гишүүн Ц.Баатархүү болон Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Г.Чинзориг нар хүлээн авч уулзлаа
  • Мөн ДШХ-ны төлөөлөгчид Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж шуудангийн төлбөр тооцоо, олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний талаар санал солилцсон юм.
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын үеэр өргөн уудам нутаг дэвсгэр, хүн амын нягтаршил багатай Монгол Улсын хувьд шуудан, шуудангийн үйлчилгээний хууль тогтоомжийг шинэчлэх, улмаар тус салбарыг орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэх, хөрөнгө оруулалт татахад анхаарал хандуулж буйг тодотгосон.

  • Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ДШХ-ны зүгээс Монгол улсад шуудангийн сүлжээг бэхжүүлэх, алслагдмал бүс нутагт оршин суугаа иргэдийн бүх нийтийн шуудангийн үүргийг хэрэгжүүлэхэд анхаарч, үндэсний оператор Монгол Шуудан ХК-д техник, арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн шуудангийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, хялбар үзүүлэхэд хаягжилтын нэгдсэн систем чухал болохыг дурдаад Монгол Улсын засгийн газар олон улсын стандартад нийцсэн хаягжилтын системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

  • УИХ гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газар цахим эдийн засгийн суурь нь шуудангийн салбар гэж харж байгаа тул энэ салбараа эргэн харж, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж, зах зээлийг нь тэлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Шуудангийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, хүний нөөц боловсон хүчнийг бэлдэхэд Дэлхийн шуудангийн холбоотой хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

     

    “Монгол шуудан” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Маркийн музейг үзэж сонирхов.

         

 

Сүүлийн мэдээ