АЗИ, НОМХОН ДАЛАЙН ШУУДАНГИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн огноо: 2025/07/01

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр, 2025 оны 6-р сарын 30-ны өдөр Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал (Executive Council Meeting) албан ёсоор эхэллээ. Тус хурал 7-р сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд бүс нутгийн гишүүн орнуудын шуудангийн байгууллагын удирдлагууд, бодлого тодорхойлогчид, мэргэжилтнүүд бүс нутгийн хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох чухал бодлогын уулзалтуудад оролцоно.

Энэ удаагийн уулзалтыг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Шуудан ХК хамтран зохион байгуулж байна. APPU-гийн 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирээд байна.

Уулзалтын хүрээнд дараах үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөнө. Үүнд:

  • Шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги
  • Цахим худалдааны өсөлттэй уялдуулсан хил дамнасан хүргэлтийн шийдлүүд
  • Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт
  • Ногоон шуудангийн бодлого, тогтвортой хөгжил
  • Хүний нөөц, чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрүүд

 

Уулзалтын төгсгөлд гишүүн орнуудын төлөөлөгчид хамтын ажиллагааны зарчим, хөгжлийн стратегид нийцсэн бодлогын баримт бичгүүд гаргахаар төлөвлөж байна.

Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн онцлон хэлэхдээ:

“Монгол Улсад энэ удаагийн хурал зохион байгуулагдаж буй нь зөвхөн Монгол Шуудангийн төдийгүй манай шуудан, логистикийн салбарын нийт хөгжил, олон улсын түвшний хамтын ажиллагааны бодит үр дүн юм. Бид бүс нутгийн түвшинд интеграц, инновацын шийдлийг дэмжсэн, уялдаа холбоотой ирээдүйг хамтдаа бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.”

APPU-ийн тухай
APPU буюу Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) бүс нутгийн салбар байгууллага бөгөөд 32 гишүүн оронтой. APPU нь гишүүн орнуудын хооронд шуудангийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт стандарт, технологи нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, техникийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг.

Монгол Шуудан ХК-ийн тухай
Монгол Шуудан ХК нь Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний оператор бөгөөд бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компани юм. Улсын хэмжээнд 385 салбар, 1,000 гаруй ажилтантайгаар Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сумыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээр дотоодын болон олон улсын шуудангийн 70 гаруй хувийг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн 192 улстай шуудан солилцдог.

Сүүлийн мэдээ