МОНГОЛ ШУУДАН ХК, ШОППИ ХХК-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн огноо: 2025/07/23

 

Монгол Шуудан ХК нь дотоод, гадаад шуудан-логистикийн салбарт хамтын үнэ цэнийг бий болгох зорилгоор Монгол Улсын хамгийн том цахим худалдааны платформ болох Shoppy.mn-ийг ажиллуулдаг Шоппи ХХК-тай стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээний хүрээнд хоёр компанийн мэдээллийн технологийн системийг уялдуулах, логистикийн шинэ шийдэл нэвтрүүлэх, хүргэлтийн үйл явцыг илүү оновчтой, ил тод болгох, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх олон талт ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна.

                               

 

Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: “Манай компанийн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг өргөн сүлжээ, туршлага болон Шоппигийн дэвшилтэт платформын хослол нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, шинэ үеийн логистикийн шийдлийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Бид энэхүү хамтын ажиллагааг хэрэглэгч төвтэй, инновацид суурилсан хөгжлийн дараагийн алхам гэж үзэж байна.”

Хамтын ажиллагаа нь Монголын цахим худалдааны хөгжилд түлхэц өгч, гадаадын онлайн зах зээлээс бараа худалдан авах, тээвэрлэлт, хүлээн авалтын явцыг хялбаршуулах замаар хэрэглэгчдэд илүү итгэлтэй, найдвартай сонголт бий болгоно гэдэгт хоёр тал итгэлтэй байна.

Монгол Шуудан ХК-ийн тухай

Монгол Шуудан ХК нь Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний оператор бөгөөд бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компани юм. Улсын хэмжээнд 385 салбар, 1,000 гаруй ажилтантайгаар Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сумыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээр дотоодын болон олон улсын илгээмжийн 70 гаруй хувийг гүйцэтгэж, дэлхийн 192 улстай шуудан солилцдог.

Шоппи ХХК-ийн тухай

Шоппи ХХК нь 2017 онд дотоодын зах зээл дээр төдийлөн хөгжөөгүй байсан цахим худалдааны салбарыг хөгжүүлж, худалдааны салбарт цоо шинэ стандартыг тогтоох, цахим худалдааны цогц платформыг бүтээх зорилготой үүсгэн байгуулагдсан Монголын анхны компани юм.