МОНГОЛ УЛС АНХ УДАА ДЭЛХИЙН ШУУДАНГИЙН ХОЛБООНЫ ШУУДАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШЛЭЭ
Нийтэлсэн огноо: 2025/07/31

2025 оны 7 сарын 9-ний өдөр Монгол Улсын Засгийн газар Дэлхийн Шуудангийн Холбооны (Universal Postal Union, UPU) гүйцэтгэх бүтэц болох Шуудангийн Үйл Ажиллагааны Зөвлөлд (Postal Operations Council, POC) нэр дэвших хүсэлтийг албан ёсоор хүргүүлж, мөн өдөр ДШХ-ны Конгрессын бэлтгэл ажлын албаас уг өргөдлийг баталгаажуулан хүлээн авлаа.

Монгол Улс 1963 онд ДШХ-нд гишүүнээр элссэн бөгөөд 62 жилийн дараа тус байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн сонгуульд анх удаа нэр дэвшиж буй нь манай улсын хувьд түүхэн үйл явдал юм. Ийнхүү Монгол Улсын албан ёсны сонгуулийн кампанит ажил эхэлж байна.

Энэхүү нэр дэвшил нь Монгол Улсын бүс нутгийн манлайллыг улам бататгаж, олон улсын шуудан-логистикийн салбар дахь байр суурийг бэхжүүлэх стратегийн чухал ач холбогдолтой юм. Мөн Монгол Улс тус зөвлөлд орсноор өөрийн шуудан, логистикийн үйл ажиллагаагаа олон улсын чиг хандлага, стандарттай нийцүүлэх, өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийг олж авна.

Ингэснээр дэлхийн шуудангийн салбарын бодлогын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, шинэ үеийн цахим, хүртээмжтэй, тогтвортой үйлчилгээний хөгжлийг хамтдаа тодорхойлох нөхцөл бүрдэх болно.

Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар илгээсэн албан бичигтээ:

“Монгол Улс Дэлхийн Шуудангийн Холбооны Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлд нэр дэвшиж байгаа нь манай улсын хувьд түүхэн алхам бөгөөд дэлхийн шуудангийн сүлжээний хөгжлийг дэмжих, дижитал шилжилт, тогтвортой байдал, үр ашигтай үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах эрмэлзлийг илэрхийлж байна.”

Монгол Шуудан ХК-ийн тухай

Монгол Шуудан ХК нь Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний оператор бөгөөд бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компани юм. Улсын хэмжээнд 385 салбар, 1,000 гаруй ажилтантайгаар Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сумыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээр дотоод, гадаадын шуудангийн нийт илгээмжийн 70 гаруй хувийг гүйцэтгэж, дэлхийн 192 улстай шуудан солилцдог.

Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) тухай

ДШХ нь 1874 онд байгуулагдсан, НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд дэлхийн 192 гишүүн орны шуудангийн сүлжээг хариуцан зохицуулдаг хамгийн ууган олон улсын байгууллагын нэг юм. ДШХ нь гишүүн орнуудын хооронд шуудан солилцох, үйлчилгээний стандарт тогтоох, бодлого, техникийн зөвлөмж боловсруулах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүрэгтэй. Шуудангийн Үйл Ажиллагааны Зөвлөл (POC) нь тус холбооны гүйцэтгэх бүтэц бөгөөд олон улсын шуудан-логистикийн салбарын хөгжлийн бодлого, үйлчилгээний зохицуулалтыг боловсруулдаг гол байгууллага юм.