Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол шуудан ХК хамтран зохион байгуулж буй Ази, номхон далайн шуудангийн холбоо (АНДШХ)-ны удирдах зөвлөлийн ээлжит хурал Улаанбаатар хотноо эхлээд буй. Уг арга хэмжээнд тус холбооны 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагууд оролцож байгаа бөгөөд шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги, цахим худалдаа, хил дамнасан хүргэлт, дижитал шилжилт, автоматжуулалт, байгаль орчинд ээлтэй шуудангийн үйл ажиллагаа, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг сэдвээр санал солилцож байна. Энэ талаар Дэлхийн шуудангийн холбоо (ДШХ)-ны дэд захирал Марьяан Освальдтай ярилцлаа. Тэрбээр олон улсын шуудангийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм.
-Та энэ уулзалтын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Монгол Улсад зохион байгуулж буй нь ямар ач холбогдолтой юм бол?
-Эхлээд Дэлхийн шуудангийн холбооны талаар танилцуулах нь зөв болов уу. Манай байгууллага бол НҮБ-ын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн төрөлжсөн агентлаг юм. 2024 онд 150 жилийн ойгоо тэмдэглэсэн. Би уг арга хэмжээнд АНДШХ –ны урилгаар ирлээ. Монгол Улсын зүгээс энэ арга хэмжээг зохион байгуулах санал дэвшүүлснийг гишүүн орнууд дэмжсэн. Энэ бол Монголын ч, бүс нутгийн хувьд ч ач холбогдолтой шийдвэр. Тиймээс тус чуулганд оролцох нь миний хувьд маш чухал байлаа. Эл бүс нутаг дэлхийн шуудангийн салбар, тэр дундаа логистикт онцгой байр суурь эзэлдэг. Учир нь цахим худалдаа эрчимтэй тэлж байгаа энэ үед олон улсын хил дамнасан бараа эргэлтийн дийлэнх нь Ази, номхон далайн бүс нутгаас гаралтай байна.
-Оролцогчид гол төлөв ямар асуудлыг хэлэлцэж байна вэ?
-Энэхүү чуулганы гол зорилго нь бүс нутгийн гишүүн орнуудын хувьд Дэлхийн шуудангийн холбооны дараагийн конгресст хэрхэн бэлтгэж, оролцохоо харилцан зөвшилцөхөд оршино. Уг конгресс нь есдүгээр сарын 8-19-ний хооронд АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулагдана.
-Энэ удаагийн чуулган Монгол шуудан ХК-ийн хувьд шинэ боломжуудыг бий болгох уу?
-Би багаасаа л Чингис хааныг хүндэлж, биширч ирсэн. Тиймээс Монгол миний хувьд маш сонирхолтой үүх түүхтэй улс. Анх удаа зочилж буйдаа тун баяртай байна. Монгол Улс ОХУ, БНХАУ зэрэг супер хүчнүүдээр хүрээлэгдсэн тул шуудангийн салбар хөгжихөд асар их боломж бий. Монгол шуудангийн хамт олон эрч хүчтэй, өсөлттэй ажилласан нь харагдаж байна. Мөн Засгийн газар нь шуудангийн үүрэг, оролцоог өндрөөр үнэлдэг нь сайшаалтай юм. Найдвартай шуудангийн тогтолцоогүйгээр орчин үеийн нийгмийг төсөөлөхийн аргагүй. Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн бол сайн удирдагч. Тэд ЦХИХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран шинэ боломжуудыг эрэлхийлж байх шиг байна. Шуудангийн ч, улс орны ч хувьд цахим худалдааны өсөлт бол асар том боломж. Ялангуяа төрийн үйлчилгээг ард иргэдэд шуудангийн үйлчилгээгээр дамжуулан хүргэх нөөц бололцоо Монгол Улсад бий.
-Шуудангийн үйлчилгээнд дижитал шилжилт, инновац хэрхэн нэвтэрч байна вэ. Дэлхийн шуудангийн холбоо энэ чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байгаа юм бол?
-Сүүлийн 20 жилийн хугацаанд уламжлалт шуудангийн операторууд үйл ажиллагааны арга барил, алсын хараа, зорилгоо өөрчилж, шинэ нөхцөл байдалтай дасан зохицох шаардлагатай болсон. Одоо хүн бүр ухаалаг утсаараа худалдан авалт хийж байна. Ингэснээр нүсэр шуудангийн сүлжээ шаардлагагүй болж байгаа гэсэн үг. Энэ нь хөгжиж буй орнууд тус сүлжээнд хөрөнгө зарах шаардлагагүйгээр цахим худалдааны өсөлтөөс үр шим хүртэх боломжийг бий болгож буй.
– Монгол шуудан ХК олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжийг хэрхэн харж буйгаа хуваалцахгүй юу?
-Сонирхолтой асуулт байна. Монгол шуудан ХК-д маш их нөөц боломж бий. Хөрш орон болон Европын улсуудад өөрийн салбар компаниа байгуулах байдлаар, эсвэл логистикийн цахим худалдааны компаниудтай хамтран олон улсад хүрээгээ тэлэх боломжтой. Ингэснээр шуудангийн эргэлт сайжирна хэмээн үзэж байна. Энэ салбарт 30 гаруй жил ажилласны хувьд хэлэхэд, логистикийн бүх шатанд шуудангийн үйлчилгээ байснаар тус бүрээс нь ашиг хүртэх боломжтой байдаг. Логистик, цахим худалдааны платформуудтай хамтарч ажиллавал орлогын тогтмол эх үүсвэр үүсгэх боломжтой юм.
– Ази, номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурлын үеэр гаднын төлөөлөгчид манай шуудангийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн тодорхойлж байгаа нь сонирхолтой санагдлаа.
-Оролцогчдын зүгээс дүгнэж хэлэхэд хүндрэлтэй. Гэхдээ төлөөлөгчид Монгол дахь шуудангийн салбарын өсөлт, хөгжлийг тухайлан онцолж байна. Монгол Улс бол Ази, номхон далайн шуудангийн холбооны идэвхтэй гишүүн. Тэд Монгол шуудангийн одоо болон ирээдүйд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцаад өндрөөр үнэлсэн.
-Шуудангийн үйлчилгээ, түүний ач холбогдлын талаар та дүгнэж хэлэхгүй юү?
-Дэлхийн шуудангийн холбооны зүгээс шуудангийн оператор нь аливаа улс орны дэд бүтцийн салшгүй хэсэг байх ёстой гэж үздэг. Энэ нь ихэвчлэн төрийн оролцоотой хэрэгждэг ч төр болон хувийн хэвшлийн байгууллага гэдгээс үл хамааран шуудангийн үндэсний дэд бүтэц зайлшгүй байх ёстой. Шуудан бол үйлчилгээ төдийгүй нийгмийн хамрах хүрээ, хүртээмж, төр-иргэн хоорондын харилцааны механизм. Аливаа Засгийн газар шуудангийн үүргийг зөвхөн логистикийн хэрэгсэл гэж бус, иргэдтэйгээ үр дүнтэй харилцах суурь бүтэц гэж ойлгож, дэмждэг байх хэрэгтэй. Монгол бол өргөн уудам тал нутагтай, хүн ам цөөтэй улс тул иргэд хоорондын мэдээлэл, харилцааг шуудангийн сүлжээгээр дамжуулан холбох нь чухал ач холбогдолтой. Цаашид бичил бизнесүүд ч шуудангийн сүлжээг ашиглан хэрэглэгчидтэйгээ холбогдож, бүтээгдэхүүнээ хүргэх боломж бүхий, орчин үеийн шийдлүүдтэй систем хөгжих болно гэдэгт би итгэлтэй байна.